Thursday, October 16, 2008

Аймгийн спикер

Аймаг бүр өөр өөрийн Иргэдийн тэргүүлэгчдийн хуралтай. Энэ нь аймагтаа бол ИХ ХУРАЛ гэсэн үг. Тэгвэл Аймгийн ИТХ-ын дарга бол яах аргагүй аймгийн спикер. Хамгийн том дарга нь энэ болой. Энэ хүнд шийдэхгүй хэлэлцэхгүй асуудал нэгээхэн бээр үгүй. Ийм нэгэн эрхмийн тухай энд өгүүлсү. Түүний нэр Лувсандоржийн Ганбат.

Хөвсгөл том аймаг. Тэр тусмаа ардчиллын өлгий нутаг. Хүн ам, малын тоогоор улсдаа толгой цохино. 3,4 сая мал, 123 мянган хүн амтай. Ийм том аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг удирдана гэдэг хэн хүний хийж чадах ажил яавч биш. Тэрбээр энэ албыг залгуулаад удаагүй ч гэсэн ажлаа ямар хэмжээнд гүйцэтгэж явааг нь өнөөдөр хэлэх олон хүн бий. Тэр үедээ маргаантай, Иргэдийн хуралдаа итгэх олны итгэл суларсан үед “түймэр унтраах”-аар хэцүү албанд очсон ч түүнийгээ биелүүлж чадсаан.

“Бид нэг намын журмын нөхөд. Аймгийн засаг даргын орлогчоор хамтран ажиллах саналыг анх тавихад мань хүн зөвшөөрч итгэл дааж гар нийлж ажиллалаа. Өнгөрсөн оны сүүлчээр АИТХ-ын даргаар дэвшин ажиллалаа. Төрийн албан хаагчид байх ёстой чухал чанар Ганбатад бий. Тэр нь хуулийг сайн мэддэг, түүнийгээ ягштал барьж ажиллаж чаддаг. Нөгөө талаар инженер сэтгэлгээтэй учраас бүтээн байгуулалтын хувьд үнэтэй саналууд гаргаж түүнийгээ хэрэгжүүлдэг. Энэ нь орлогчоор ажилласан жилүүдэд илүүтэй харагдлаа” гэж аймгийн засаг дарга Б.Батхүү ярьсан юм.

Ганбат нэгэн удаа “Монгол хүмүүсийн үндэсний үзлийг сэргээмээр байна. Сая Бээжингийн олимпоос алтан медаль авахад ард түмэн ямар байв, яг тийм байлгамаар байна” гэж хэлсэн юм. “Яагаад?” гэж асуувал “Улс орны тусгаар тогтнол аюулгүй байдалд хэрэгтэй” гэж товчхон хариуллаа.

Үг хэлэх болгондоо энэ талаар дуугарч санаа зовж явдаг хүн юм. Өнгөрсөн оны найман сард аймгийн “Далай ээж” сонинд өгсөн ярилцлагадаа “Зах хязгаар нутгийн ард иргэдийг анхааралдаа бүрэн авах хэрэгтэй юм. Яагаад гэвэл тэд эх орныхоо хилийг хамгаалж буй эзэд” гэж хэлсэн юм.

Түүний ах, хөдөө аж ахуйн томоохон эрдэмтэн Л.Нямбат нэгэнтээ “Бид аль ч орны иргэдээс дутуу амьдрах тавилангүй” /Дархад зоны “Маанар” 1996 № 4/ гэж хэлсэн бий. Аав нь ч гэсэн социализмын үед “болохгүй юм ярьдаг бүтэхгүй эр” хэмээгдэн адлагдаж явсан ч үнэн үг хэлдэг нэгэн байжээ. Үнээ бүрт адил норм тогтоодог байсан төлөвлөгөөт эдийн засгийн хавчлага шахалтад дургүйцэж мал бүр харилцан адилгүй, та нар хар гээд ферм дээр очиж нэг удаагийн саамны сүүг литрлэж үзүүлэн малчдын нуруун дээр даашгүй ачаа үүрүүлж байгааг шүүмжилдэг байлаа.

Гэрийн энэ хүмүүжил Ганбатыг ардчилал уруу хөтлөхөд хүргэсэн нь лавтай. Нөгөө талаар олон орны оюутантай цуг байж ихийг сонсон өөрийн тархи оюундаа түмэнтээ бөмбөрүүлэн хажуугаас Оросын “Перестройка“- өөрчлөн байгуулалтын салхи сэвэлзсэнтэй холбоотой. Москва хотын Хүнсний технологийн дээд сургуулийг төгссөн залуу 1988 онд Мөрөнд залуучуудын нам байгуулах санал гаргаж салам загнуулж явсан үеэс хэдийнэ хорин жил улирсан ч юм хийх бүтээх гэсэн сэтгэл нь нөгөө л янзаараа.

“Өнөөдөр төрийн албан хаагчдыг шударга ажиллуулахад гурван “Т”-гийн хууль саад болж байна. Нэгд, Төрийн албан хаагч, хоёрт, төсвийн удирдлага, санхүүжилт, гуравт тендерийн хууль энэ гурав бүтээлч сэтгэлгээгүй, өөрсдөө юм хийдэггүй, тэгсэн мөртлөө өөнтөгч хүмүүс төрийн албанд шургалахад хамгаалалт болж байна” гэж ярьсан юм.

Мань хүн хүнийхээ хувьд хээ шаагүй эр. Онигоо ярьсан, нутаг усныхаа сайчуулын хоч намтарыг зугаалсан /хуучилсан/ инээж хөхөрсөн нэгэн. “Бөөвөн цаатан хуралд явж ирээд, ээ татагай минь хирээ л бодогтой, хирээ л бодогтой. Магад ичилтэй юм байлаа. Цав цагаан даавуутай орон дотор орж унтаад өглөө нь нэг бөөвөн босоод явахад нэг бөөвөн хэвтээд хоцордог. Ёстой ичилтэй юм байлаа” гэсэн гээд сэтгэлийн хөдлөлтэй ярьж гарна. Ээрч гацах шахан дуу алдан ярина.

Гол ус тохой булаг дов жалгын үүх түүхийг Ганбат гайхалтай мэднэ. “Хэдийдээ олоод сонсчихдог юм. Нутагтаа очиход дагуулж явсан найз нөхдөдөө энэ л яриад зогсч байдаг юм” гэж гэргий нь хуучиллаа. Дархад нутагт ирсэн зочин, Өлөөр давсан хүн, инээдэм наадамгүй буцна гэж нэгээхэн ч үгүй. Түүнтэй адил Ганбаттай цуг явсан хүн уйдна гэж байхгүй. Хошин шог дурсамж алиа марзан яриа сонсож, Магнай /Ардын авьяастан, ерөөлч Л.Баярмагнай/, Морх нарын олон мэргэжилтэй эрсийн хөгжилтэй зугаанд өөрийн эрхгүй автана.

Тэрбээр шаггүй уяач. Динозавр хээр, босоо хүрэн, хүрэн халзан, алаг гээд аймгийн наадам, дархад хотогойд хурдын айраг түрүү авсан хэдэн сайхан хүлэг бий. Тэднийхээ тоосыг үзэж, хөлсийг үнэрлэхдээ Ганбатын алжаал ядаргаа дорхноо тайлагдана. Агаарын салхийг зүсч, хөндийн тоосыг эргүүлж явдаг хүлгийн эрч хүч ийм ажгуу.

Дархад зоны далай ээж, цэнхэр хотгорыг авч үлдсэн гавьяагаар бахархаж, Хөвсгөл нутгийнхаа хөгжлийн өөдрөгөөр хардаг эрхэм. Манайд олон брэнд бий. Дархадын хийцтэй цай, хужир, цагаан загас цагаан адуу, Эрчмийн хар ямаа, Тэсийн адуу, “Тайга” цай гээд ярина. Энэ бүгдийг үйлдвэрлэл болгоход ядуурал бодитой буурна. Түүнээс биш өнөөдрийнх шиг нэг хүн гутал оёж, нөгөө нэг нь талх барьснаар бодитой ажил болохгүй гэж өгүүлнэ. Үнэндээ статистик тоогоор 3000 хүн ажилгүй гэсэн тооцоо байдаг ч ажилгүй байгаа 15-20 мянган залуустаа яаж ажлын байр бий болгох тухай бодно. Бодлоо хэрэгжүүлэх, ажил болгох ирээдүй Ганбатад бий. Түүнийг аймгийн орлогчоор ажилласан жилүүд нь нотолж өгнө.

Хөвсгөлийн бахархал бол бид. Зөвхөн тэнд амьдарч ажиллаж байгаа зуун хорь гаруй мянган хүн биш, зүрх сэтгэл нь уяатай явдаг олон арван мянган иргэн тэдний гэр бүл бий. Тэдэндээ Чингүнжавын зориг, Хөвсгөл далайн ариун дагшин их усны хаялга, Алунгоо ээжийн ухаан, Даян дээрхийн энерги, Агарын хайрханы сүр хүч, гурван аваргын бяр тэнхээ, нэр тодорсон тодроогүй олон арван суу билэгтнүүдийн ур ухаанаар бахархах үзлийг шингээхийн тулд бидэнд хийх юм их байна гэж бодож буй Ганбат хэмээх энэ эрхэм ч Хөвсгөлийн бас нэгэн бахархал буй за.

Д.Батжаргал

No comments: