Thursday, October 16, 2008

Баярмагнайн хошигнолтой, Баянзүрхийн бөхтэй, бараг сум болгоноос айраг түрүүтэй сайхан наадам боллоо

Энэ зуны дэлгэр сайхан цаг долдугаар сарын сүүлчээр Дархадын цэнхэр хотгор, Хөгийн голын сэргэлэн дэнжид Дэлгэрхааны овоо тахилга Дархад хурд – 3 наадам боллоо. Урт нэртэй дуулиан ихтэй наадам зохион байгуулалт сайтай өргөн дэлгэр болсныг олон хүн бахархан ярьж байлаа. Улаан-Уул сумын засаг дарга М.Батцогт саарал дээлээ өмсөхөөрөө шагнал гардуулж, цагаан дээлээ өмсөхөөрөө индэрт тухалж, бор дээлээрээ өмсөхөөрөө бөө зайран болох шахан “дүвчигнэж” юм юманд оролцон дэгдэж байлаа.

Оролцохгүй юмгүй сумын дарга Маргааш наадам эхлэх гээд аймгаас ирсэн наадмын комиссын дарга эрээд байхад олдоогүй сумын засаг дарга М.Батцогт Дэлгэрхааны овоо тахилгаас үүрээр иржээ.
Индэрт наадам үзэж суусан Батцогт морь ирэх болохоор барианы газар дэгдээд хүрчихсэн зураг аваад байшингийн орой дээр зогсож байх... Хүндэтгэлийн гэрт айраг зооглож суусан сумын засаг дарга нэг харахад морины комиссын Морхтой уулзаад “холбооны газар” зогсож байх. Холбооны газар гэдэг нь “Соёо” толгойн өвөр дэх баржгар хэдэн хад. Ринчинлхүмбийн холбоо ажиллаж байвал тэндээс зөвхөн мобиком барина. Тиймээс наадамчид холбооны газар гэж нэрлэжээ. Юм бүхэнд дэгдсээр байгаад ажлаа сайн зохион байгуулжээ. Тамгын газрын түшмэл Түмэнбаяр, ахмадын хорооны дарга Морх нарын идэвхтэй туслахуудтай аж.

Маргаангүй сайхан наадам боллоо Дархад зоны бэлгэдэл болсон цагаан морьдын жагсаалаар эхэлсэн наадмын азарганы уралдаанд Их-Уулын Даваадоржийн хүрэн түрүүлж, Алаг-Эрдэнийн Даваадоржийн хонгор удаалж, мөн сумын харьяат Улсын алдарт уяач М.Галбадрахын ягаан, мөн сумын Батсүрэнгийн сартай хээр, Арбулагийн Болдбаатарын цавьдар айрагдсан юм.
Их насанд Мөрөнгийн Б.Лэгшигдоржийн хонгор түрүүлж, эзэндээ “Бонго” машин авч өгсөн бол Улаан-Уулын Д.Түмэнжаргалын бор, Түнэл сумын суугуул, Баянзүрх сумын уугуул Дандарын хонгор, Мөрөнгийн Намсрайдоржийн халиун, Алаг-Эрдэнийн Мөнхбаярын бор морьд айрагдсан юм.
Соёолонгийн уралдаанд Бүрэнтогтохын уугуул Хөдөөгийн ядуурлыг бууруулах төслийн /ХЯБТ/ зохицуулагч Б.Галбадрахын саарал халзан тод манлай торгон жолоо өргүүлж, Улаан-Уул сумын уугуул, Аймгийн ИТХ-ын дарга Л.Ганбатын хээр аман хүзүүнд давхиж, Түнэлийн Мөнхбатын саарал, Алаг-Эрдэнийн Мөнхбаярын хээр, Түнэлийн Мягмаржавын сартай хүрэн нар айрагдлаа.
Шүдлэн насны морьдын уралдаанд Тосонцэнгэлийн уугуул “Урагшлах” ХХК-ийн захирал С.Гүнширийн хүрэн алтан жолоо өргүүлж, Бүрэнтогтохын Өлзийцогтын халтар, Улаан-Уул сумын уугуул, Аймгийн ИТХ-ын дарга Л.Ганбатын хүрэн, Ренчинлхүмбийн Болд-Эрдэнийн хар халзан, Ренчинлхүмбийн Баатарцогтын буурал шүдлэн айрагдсан юм.
Дааганы уралдаанд Улаан-Уулын Ц.Ганхуягийн элбэг хээр түрүүлж, Мөрөнгийн Лэгшигдоржийн хул удаалан, Түнэлийн Баасандоржийн хээр, Бүрэнтогтохын уугуул, Хөдөөгийн ядуурлыг бууруулах төслийн зохицуулагч Б.Галбадрахын хонгор, Баянзүрхийн Л.Ганбаатарын хээр айрагдсан юм.

Хадуурсан хязаалан маргаан дэгдээх шахав Хязаалан морьдын уралдаанд түрүүлж ирсэн хязааланг цагаан морьтой нэг этгээд барианд шахаж оруулснаас болоод жаахан маргаан үүсэв. Цулбуурдаж оруулсан болохоор байр ухраана хэмээн морины комисс журам барин “томорч”, Баянзүрхийн уяачид наадамчид түрүүлсэн морины байрыг яагаад ухраав, шахаж оруулсан хүнийг чинь танихгүй хэмээн маргалдав. Нэлээд маргалдсаны эцэст Түнэлийн Мөнхбат уужуу сэтгэл гарган морь нь аман хүзүүнд давхисныг хүлээн наадам эв зүйдээ орж Баянзүрхийн Н.Батбаярын хээр түрүүлж, Түнэлийн Мөнхбатын хээр удаалан, мөн сумын Лхагвадоржийн хээр, Тосонцэнгэлийн уугуул “Урагшлах” ХХК-ийн захирал С.Гүнширийн хул, Ренчинлхүмбийн Гандаваагийн улаан саарал нар айрагдсан юм.

Адъяасүрэн аархаж түрүүллээ Баянзүрх сумын уугуул, аймгийн арслан Я.Адъяасүрэн Улсын начин Бадралтай тунаж эр бяр тэнцүүхэн хоер хүчтэн талын хавийн уулыг хотолзтол зүлэг ногоог өлцөртөл зүс цэнхэр цэцэг шиг охидыг өндөлзтөл барилдлаа. Аймаг сумын наадамд олонтаа гар зөрүүлсэн хоёр энэ удаа ач тач үзэлцэн барилдаж Адъяасүрэн аархаж түрүүлсэн юм.

Шатахуун ховордож, шагийн үнэ тэнгэрт хадлаа Хаа газрын наадам дээр жижиг сажиг асуудал шороо шиг пурхийн дэгдээд байх. Дархад хурд гурав дээр дэгдсэн жижиг мөртлөө чухал асуудал нь шатахууны үнэ байлаа. Тэр үед шатахуун мянга гаруйгаар Мөрөнгөөс олдож байсан бол наадам дээр ховордон 1500-2000, зарим газартаа 2500 төгрөгөөр зарж байлаа. Мөнгө л олж байвал наадам наргиан ямар болох нь хамаагүй хэмээн бодох зарим харалган сэтгэлтний харгайгаар шатахууны ийнхүү өндөр авч, олдоц ховор байлаа.

Инээдмийн дэлгүүрийн “худалдагч” Морх Улаан-Уул суманд инээд үйлдвэрлэж байдаг хүмүүс олон бий. Тэдний бүтээгдэхүүн худалдаж байдаг тоглоом даадаг хүний нэг нь Ахмадын хороон дарга Морх. Дандаа инээдэм наргианы бай болно. Түүндээ мань нөхөр уурлах ч үгүй. Морхыг дөчин мэргэжилтэй хүн гэж Магнай ах /Л.Баярмагнай/ хэлээд зарим нэгийг нь ийнхүү тоочсон юм. Баруун асгатын Ардын хянан шалгах хорооны байнгын комиссын дарга, Их Билүүт дахь тэжээл эмчилгээний цэгийн ерөнхий эрхлэгч, Өвөр Балбирагийн цэргийн тойргийн дарга, нохойн хэл мэддэг цорын ганц хүн. Энэ нь туршлагаар батлагдсан зүйл. Айлын гадаа очоод “танай нохой шөл ууя гэж байна. Эсвэл угаадас өгөөч гэж байна, танайх нохойгоо гомдоосон айл байна” гэж хэлнэ. Эмэгтэй хүний лээвчиг судлаач. Авгайнхаа оронд модонд явж байтал дэрэн дороос нь хөхний даруулга гарч ирсэн. Жаргалант-Амьдрал нэгдлийн сүү сүүн бүтээгдэхүүний цехийн цэвэр сүүний мэргэжилтэн, нөхөргүй хүүхнүүдэд хүүхдийн тэтгэвэр олгуулж өгөх улсын онцгой комиссын гишүүн, нэгдсэн конторын уурын зуух хөлдвөл засах улсын онцгой комиссын гишүүн, авто машины аваарыг газар дээр нь тогтоох улсын онцгой комиссын гишүүн, сумын 8 жилийн дунд сургуулийн оройн сургуулийн ангийн дарга, сумын клубийн гэрлийн техник, Улаан-Уулын хадланчдын талбайн инженер, хөх түрүүний ногоон толгойноос авдарны будаг гаргаж авсан манай гаригийн цорын ганц хүн. Морх өөрөө тэрийгээ ярьдаг. “Хөх түрүүний нүднээс будаг гаргаж авах гэсэн чинь хальс байдаг юм байлаа” гэж хэлсэн гэж байгаа. Ер нь шинийг санаачлагч хүн. Амьд барометр. Энэ бол олон зүйлээр батлагдана. Морх салхи сөрж цагаан малгай өмсөөд хамраа сархайлгаж гүйвэл цасан болон шороон шуурга болно. Морх өвөл сандаалтай явбал өн болно. 1977 оны өвөл Улаан-Уулд цас ороогүй. Тэр жил Морх сандаалтай ёлконд орж ирсэн. Морх шонгийн мод уруу шээвэл газар хөдлөнө. Морх бөөлжихөд галт уул дэлбэрнэ. Морх барагтай бол архи уудаггүй. Тээр жил орос монгол архи хольж уугаад бөөлжсөн. Маргааш нь японд галт уул дэлбэрсэн. Байгальтай амин холбоотой хүн. Морх бол үнэхээр хөдөлмөрч хүн. Наад захын жишээ гэхэд л 25 жил морины комиссын дарга хийж байна.
Өглөө босоод авгайнхаа өмнө эхээс төрсөөр нүцгэн суугаад Улаан-Уулын бүх ойн байцаагчдын нэрсийг дуудвал насаараар түлээний гоожин төлдөггүй гэнэ. Туршиж үзсэн хүн ч олон байдаг ажээ. Энэ мэтийн хөгжилтэй наргианыг Магнай маань урсгаж олон хүн элгээ хөштөл инээлдэж байлаа.
Аймгийн ИТХ-ын дарга Л.Ганбат нарын анх санаачлан зохион байгуулсан Дархад хурд наадам ийнхүү гурав дахь удаагаа амжилттай болж олон түмнийг баясган, дуу хуур хөгжөөн наргиантай, морь нь хурдан, бөх нь хүчтэй сайхан боллоо. Дархад зон олон эвтэй соёлтой зөв баярлаж, жалгын жаахан үзэл, довын донгио зан гаргалгүй наадаж чаддагийн үлгэрийг үзүүлсэн энэ наадмыг уул улс тэнгэр хангай нь ивээн шаагисан бороо хургүй, шатам халуун наргүй сэвэлзсэн салхитай, сэмжирсэн үүлтэй өдрүүдээ бэлэглэлээ. Дэлгэрхааны тэнүүн хормой, Шишгэдийн цэнхэр хотгорт ийм наадам олон байг ээ.
Манай сурвалжлагч бичиглэлээ

No comments: