Saturday, January 06, 2007

Хүүр амьдруулсан шидтэн

Ая дуунд мөнхөрсөн алдарт дархадын цэнхэр хотгор
О.ПүрэвЖибзундамба хутагтын их шавийн Хар дархад отогт 1750 онд байгуулагдсан “Ганданнамжиллан” буюу Зөөлөнгийн хүрээнд арван дөрөвдүгээр жарны модон туулай жил 1795 он үндэс сууриа тавьсан Мамба дацан нь шилдэг сайн маарамба, эмч нартай чухамхүү ар монголдоо цуутай дацангуудын нэг байлаа. Энд ном үзэж дацан дүүргээд 15, 16 дугаар жарны үед нутаг усандаа алдаршиж явсан Жаахлайн пунцаг Жамъянжав, Тазын Саман аграмба, Гэндэн гэлэн нарын зэрэг олон арван эмч нарын дотроос түмэндээ “Хасын ловон лам” хэмээн алдар нь мөнхөрсөн Дагвасамбуу хэмээгчийн тухай энд өгүүлье. Эдүгээгээс 120 жилийн тэртээ (1871 онд) мөн шавийн баруун отгийн харъяат ард Хасынд мэндэлсэн хүү Дагвасамбууг, тэр цагт аюулт хар үхлийн эсрэг сөрөн зогссон алдарт эмч болно гэдгийг хэн ч төсөөлөөгүй биз ээ. Эцэг Хас хөвгүүнээ өвөг дээдсийн уламжлалаар өсгөн хүмүүжүүлж, эрдэм номонд сургахын тулд тавхан насанд нь сахил хүртээж нэгэн ламд шавь оруулан Зөөлөнгийн хүрээнд суулгажээ. Дагвасамбууг хүрээнд суух үед энэ хүрээ Ивдийн голын хөвөөнөөс нүүж ирээд зургаахан жилийн нүүр үзэж байсан учир тохижиж амжаагүйн дээр түүний эцэг эх нь жил бүрийн намар тус хүрээнээс дөрвөн өртөө орчим зайтай өвөлжөөд хавараа эргэж иртэл нь бяцхан хүү Дагвасамбуу бусдаас хоцролгүй суралцаж цогчин дүүргээд Мамба дацанд орсон байна. Тус дацанд Энэтхэг, төвдийн эмийн үндэс үзэхийн дээр хүний биеийн бүтэц, монгол орны болон ялангуяа Дархадын Цэнхэр хотгорын эмийн ургамал зүйг тусгайлан судалдаг байжээ. Зөөлөнгийн хүрээний мамбыг дүүргэсэн Дагвасамбуу ба бусад эмч лам нар нутгийн өвс ургамал нутгийнхандаа илүү эмтэй байдаг юм гэж ярьдаг байснаас үзэхэд ер монголын нийт эмч нар нутаг нутгийн ургамал зүйг тэр нутгийн өвчлөлтэй холбон судалдаг байсан нь илэрхий. Тийм ч учраас эмчилгээнд үр ашгаа өгч байсан байж болох юм. Хасын Дагвасамбуу нь гэр бүлтэй, Зондиу, Балсанжав, Бадамханд, Долгорсүрэн, Дуламсүрэн зэрэг олон хүүхэдтэй, өнөр өтгөн айл байснаас үзвэл тэрээр хөдөөний зөөлөн сахилтай лам байжээ. Хүүхдүүдийнх нь дотроос эдүгээ 77 настай хүү Зондиу гуай ярихдаа:-“Миний аав эмийн ургамал цуглуулах ажлыг хаврын эхэн сараас намрын турш хийдэг байсан хийгээд зарим ургамлыг нахиалах, цэцэглэх, эцэст нь гандсаны дараа үндсээр нь авах зэргээр хоёроос, гурав дахин гэхдээ эмчилгээний өөр өөр зориулалтаар авахуулдаг байсан. Жишээлбэл вансэмбэрүүг л гэхэд зургадугаар сарын дунд үеэр нахиалж байхад нь шүүсийг, есдүгээр сарын дунд үеэр үндсийг нь тус тус авах гэх мэтээр хэрэглэдэг байсан. Түүнээс гадна манай аав Дархадын хотгорын аль уулын ямар жалганд ямар янзын цэцэг хэдийн ургаж байгааг нэвтэрхий сайн мэддэг байсан учраас тэр л үед нь шамдан биднийг явуулж хэрэгцээт ургамлаа авчруулдаг сан. Тэр дундаас жил бүрийн хаврын нхэн сард хүйтний эрч буураагүй шахам байхад тайгад цас, мөсөн доороос нэвт ургадан нэгэн бйсан нь санаанаас ер гардаггүй юм. Харамсалттай нь би одоо тэр цэцгийн нэрийг санахгүй болжээ. Харин гогол, тар-үр, лидэр, задь зэрэг ургамлын хатаалгыг хятад пүүснээс худалдан авч нутгийн ургамалтай найруулан хэрэглэдгийн дээр гаднаас авдаг зарим ургамлыг нутгийн ургамлаар орлуулан хэрэглэдэг явдал ч бас байв. Жишээлбэл:Лидэр хэмээх ургамлыг манай нутагт элбэг ургадаг цагаан бургасаар орлуулан ханиад өвчинд хэрэглэдэг байлаа гэх мэтийн зүйл ярьж билээ. Бурхны шашны ёсонд ямар нэгэн дацанд хурал номын зан үйлийг эрхлэн удирддаг хүний албан тушаалыг Ловон гэдэг бөгөөд Хасын Дагвасамбуу нь Зөөлөнгийн хүрээний Мамба дацангийн ловон байжээ. Тэрээр хүрээ хийд, хөдөө гэр хаана ч байсан хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож, өвдөж зовсон хэнд ч гэсэн туслаж олон хүнийг үхлийн аюулаас аварсан байна. Хязгаар нутагт Европ эмнэлэг хараахан хөгжөөгүй байсан 1926 онд Хасын Ловон ламаар эмчлүүлж 13 насандаа аюулт өвчнөөс бүрмөсөн ангижирсан Тосойн Төмөр гуай эдүгээ 78 насыг наслан Улаанбаатар хотод энх тунх сууж байна. Төмөр гуай ярихдаа:-“Ловон лам миний шээсийг шинжилж үзээд сүү шиг өрөмтсөн байна дотрын хүнд өвчин тусчээ хэмээн оношлоод цөөхөн боодол эм өгөөд л намайг үүрд эдгээсэн дээ. Түүнээс хойш эдүгээ хүртэл ямар ч хууч өвчингүй явж ирлээ хэмээн ловон ламын ачлалыг дурсахын хамт, ловон лам төрж чадахгүй болсон эхэд ганц үрэл өгөөд төрөлтийг нь түргэтгэдэг билээ” гэж жишээ баримтаар батлан ярив. 1917 онд Тужийн тайгад өвөлжин байсан нэгэн айлд ловон лам залагдаж ирээд Нямбуугийн Гэндгээ гэгчээр гэртээ хүргүүлж явах замдаа дэрсний толгойд наалдаж хатсан ямар нэг амьтны цустай тааралджээ. Үүнийг ловон лам хуруугаараа имэрч үзээд: “Амьд хүний цус байна. Энүүхэнд оршуулсан бололтой, хоёулаа очиж үзье” гэжээ. Тэр ёсоор үзвээс залуухан жирэмсэн эмэгтэйг тэрхэнд нь оршуулчихсан байв. Ловон лам судсыг барьж үзээд Гэндгээг усанд явуулж, өөрөө дэргэд нь үлдэж гэнэ. Өвлийн цагт тайгын харз ус тийм ч ойр байдаггүй учир нэлээд удаан яваад ус аваад ирэхэд нь ловон лам хүүрийг амьдруулаад, түүнд дахаа нөмөргөж, дэргэд нь гал түлсэн байв. Үнэндээ “хүүр амьдруулсан” аргаа нууцлах гэсэн юм уу эсвэл сандралд орохгүйн тулд Гэндгээг усанд явуулах нэрийдлээр өөрөөсөө холдуулсан хэрэг байжээ. Тэр гурав цааш явж хээрийн нэгэн эзгүй бууцан дээр овоохой босгон түүндээ эмэгтэйг төрүүлж хөвгүүнтэй болсноор хээрийн замд хоёулаа гараад дөрвүүлээ болжээ. Ингэж эх хүү хоёрын амийг аварсанд баярлаад, айлын зарц явсан тэр эмэгтэй төрүүлсэн хүүгээ эдүгээгийн Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нэгэн айлд үрчлүүлэн өөрөө толгойгоо барьж ловон ламын бүл болсон гэдэг. (Эмчид барьц шан өгөх чадваргүй ядуу хүмүүс ачтандаа үр хүүхэд юм уу өөрсдийгөө эмчид бүрмөсөн даатгаж, тэдний бүлийн хүн болох юм уу болгодог ёсыг тэр цаг “толгойгоо барьж өгөх ёс” хэмээн нэрийлдэг байсан юм). Хээрийн замд тохиолдсон энэхүү явдлыг Гэндгээ ихэд сонирхож ловон ламаас хожим нь лавлаж асуухад тэрээр “Төрөх нь дөхсөн хүүхэд эх дотроо арвалзан байгаад заримдаа эхийнхээ гол судсыг атгаад авдаг явдал буй. Энэ бол ховор тохиолдол. Хэрэв ингэж атгаж авсан бол түүнд цочрол өгч хүүхдийн гарыг тавиулах хэрэгтэй. Хүүхэд өөрөө тавихгүй.Тэгсээр байгаад эх, үр хоёр хоёулаа өнгөрдөг юм. Тийм учраас улайсгасан төмрөөр эхийнх нь зоо нурууны тус газар цоргиж эхийнхээ гол судсыг атгасан бяцхан гарыг онож халуун төмрөөр цочрооход цочрол авмагц тэр хүүхэд судсаа тавьж эхий нь цусны эргэлт хэвийн байдалд орж ухаан алдсан эх сэргэдэг юм” хэмээн өөрөө тайлбарласан гэдэг. Үнэнхүү ийм тохиолдол ховорхон ч гэсэн хааяа байдгийг үзсэн, сонссон хүмүүс ч нилээд таардаг аж. Дархадын баруун отгийн шарнууд овгийн Сүрэнгийн Дашням гэгч хүүхэд ахуй үеэсээ бэтэг өвчтэй болжээ. Эх Сүрэн нь 1927 онд хүү Дашнямыгаа 19 настайд нь Агарын голоос Тоомд өвөлжиж байсан Ловон ламынд авчирч түүнд үзүүлжээ. Ловонтон Дашнямыг үзээд гэртээ хэвтүүлж гардан эмчилгээ хийсэн байна. (Энэ дашрамд өгүүлэхэд ловон ламын гэр орон заримдаа эмнэлгийн газар болж хувирахад хүрдэг учраас тэднийх илүү гэртээ галлаж тэнд өвчтэй хүмүүсийг хэвтүүлж эмчлэх явдал хааяа ч гардаг байсан гэнэ) Ловон лам Дашням хүүд өдөртөө нэг хоёрхон удаа ямар нэгэн онцлох амт, үнэргүй үрэл өгдөг байжээ. Ийм байдлаар нилээд хэд хоног эмчлүүлсний эцэст нэгэн шөнө Дашнямын хэвлийн тус газар аяндаа цоорчихсон, түүгээр нь цус, шүүс гарч байхыг өвчтөн сая мэдээд хэлжээ. Ловон лам тэгэхэд нь:-“Зүйтэй хөө! Бэтгийг чинь авч хаях цаг одоо л болсон байна” гэж хэлээд хоёр гурван эрчүүдээр дамжуулан цоорсон нүхээр нь хэвлийн хөндий рүү нь гараа хийж, ямар нэгэн зүйлийг татаж чангаасаар ууттай юм гаргаад хаячихжээ. Тэгээд шархыг нь боож өөр төрлийн үрэл-эмээр эмчилж хэд хоносны эцэст шарх нь бүтэж Дашням хүү бүрэн эдгэрчээ. Тэгээд 1928 онд цэрэгт татагдахад нь үзлэг хийсэн орос эмч бэтэг авахуулсан сорвийг нь үзээд ямар өвчин туссан, хаана хэрхэн эмчлүүлсэн түүхийг Дашнямаар яриулж, мэс хэрэглэхгүйгээр хагалгаа хийж бэтэг эмчилсэн эл аргыг ихэд сонирхон түүнээс олон зүйл асуухын зэрэгцээгээр европ эмнэлэгт бэтэг өвчнийг зөвхөн мэсээр л хагалж эмчилдэг тухай түүнд ярьж байжээ. Дашням цэрэгт гурван жил алба хаагаад дараа нь Хөвсгөл далайн усан замын тээвэрт зургаан жил ажиллах хугацаандаа наадамд барилдаж сумын заан цолтой болжээ. Ийнхүү хүнд ачаа өргөх, барилдах, ноцолдоход 1927 онд шарх огт сэдрээгүй явсаар Жарлаан хэмээх Дашням заан 80 насандаа өөд болжээ. Хасын Ловон лам бас 1923 онд тус шавийн хойд отгийн харьяат Жанчивын Очирбатын эхнэр Дугарын Дулам гэгчийн хүүхэд дотроо эндсэнийг зулбуулж хүний биеийн бүтцийн тухай тайлбарласан судар дэлгэж, түүнд заасны дагуу эндсэн хүүхдийг эх дотор нь эвдэж аваад эцэст нь хоёрхон ширхэг үрэл-эмээр савыг нь цэвэрлэж, үр зулбах үеэр олдоогүй үлдсэн хэсгүүдийг туулгаж гаргасан гэдэг. Эх дотроо эндсэн хүүхдийг зулбах энэ аргыг эдүгээгийн Говь-Алтай аймагт байсан Засагт хан аймгийн Засагт ханы хүрээний эмч лам Гаагаа гэлэн гэгч мөн хэрэглэж байсан мэдээ байна. Дугарын Дулам ийнхүү 43 насандаа үр зулбуулснаас хойш ч хүүхэд төрүүлж нийтдээ долоон хүүхдийн эх болоод 1962 онд 82 настайдаа өөр өвчнөөр өөд болсон байна. Мөн түүнчлэн Ловон лам төрөл бүрийн бэртэнгийг бариа заслаар эмчилдгээс гадна, бариагаар эдгэрэх үндэсгүй болсон заримыг мэс заслаар эмчилдэг байжээ. Ийм аргаар 1929 онд Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын ард Содов, 1933 онд мөн аймгийн Рэнчинлхүмбэ сумын харьяат Аюушийн Лувсангалдан нарын тус бүр нэг хөлийг нь тайрч эмчилсэн нь үр дүнтэй болж, тэд урт удаан насалжээ. Аяа хэнд эрдэм буй болбоос түүнд тус буй гэдэг юутай үнэн үг вэ? Дорно дахины анагаах ухааны ид шидийг гарамгай эзэмшсэн эршүүд зоригтой ачит эмч ловон Дагвасамбуу хэдийгээр бурхан багшийн үнэнч шавь лам хувраг боловч тэр үед буруу номтон хэмээгдэж байсан орос эмч нартай ч эрүүлийг хамгаалах үйлсэд хамтран ажиллаж тэд нараас бас суралцаж байсан явдал ч буй. Тэрээр 1920 онд тус шавийн зайсан Дамчаагийн зүтгэл санаачлагаар Эрхүүгээс Зөөлөнгийн хүрээнд залж авчирсан орос эмч нартай тус хүрээний маарамба эмч нарын адил хамтран ажиллаж Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ, Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур сумдын нутагт халдварт цэцэг өвчнөөс эсэргүүцэх тарилга хийхэд идэвхтэй оролцож энэ нутаг цэцэг өвчин цаашид тархах голомтыг устгахад хувь нэмрээ оруулсан төдийгүй, 20, 30-аад онд өөрөө хүмүүст бие даан халдварт өвчнийг эсэргүүцэх тарилга хийж байсан мэдээ ч буй. Энэ бүхнээс улбаалж бодоход хэрэв монгол оронд европ эмнэлгийг хөгжүүлэхдээ манай төр засаг Хасын Ловон лам мэтийн дорно дахины анагаах ухааны ид шидтэнгүүдийг шинэ эмнэлгүүддээ авч ажиллуулан, эрдэм чадварыг нь улам хөгжүүлэх бодлого явуулсансан бол эдүгээ монголын анагаах ухаан ямар их өндөр түвшинд байх нь тодорхой. Харамсалтай нь сүүн цагаан сэтгэл өвөрлөн бусдыг үхэл зовлонгоос аварч явсан ачтангуудаа улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хоморголон баривчилж, устгасан билээ. Хасын Ловон ламыг 1938 онд 67 настайд нь баривчилжээ. Тэрээр өргөст торны цаана 5 жил шахам сууж 1943 онд нэгэн нутгийн Тавхай гэлэн, Жонгов зайран нарын хамт шоронгийнхны мал маллаж яваад Налайхын зүүнтэйх Баянцогтын хотгор гэгчид өөд болсон мэдээ байна. 1938 оны энэхүү гунигт явдлаас хойш Ловон ламынхныг” эсэргүүний ар гэр, феодолын гэр бүлийнхэн” хэмээн нэрлэж хүүхдүүд нь хайрт аавынхаа нэрийг ч дуудахаас зэнзийлэн (Дагвасамбуу гэхийг ) Зондиу гэх мэтээр дуудахад хүрч байсан нь хавчлага гадуурхалын гай билээ. Гэвч тэд аавыгаа санан дурсаж явахын тулд түүний эм ургамлын багаж хэрэгсэл, ном судрыг нь хайрлан хадгалсаар байсныг хожим нь доктор болсон Хайдав гэгч тэр нутгаар шинжилгээ хийж явахдаа Ловон ламын хүүхдүүдийг элдэв гоё сайхан үгээр хууран мэхэлж аваад ор сураггүй болжээ. Тэгэснээрээ хайрт аавыгаа санан дурсаж явсан хүүхдүүдийнх нь сэтгэлийг гонсойлгоод зогсоогүй, хэрэв Хасын Ловон ламтны түүхэнд холбогдох өв дурсгалт зүйлсийг үрэн таран хийсэн бол Хайдав доктор бас л хойч үедээ нүгэл хийсэн хэрэг. Ямар боловч ард түмэн ачлалт лам багш, эмч зурхайч нараа мартаагүй. 1972 онд Гандан хийдийн лам Диваасамбуу гуай монголын нэртэй эмч, зурхайч, бурханч (зураач, барималч, хатгамалч, наамалч, цутгагч) зэрэг их эрдэмтэй лам нарын талаар баримт мэдээ цуглуулж “Ариун ном” нэртэй бүтээл туурвиад хэвлүүлэх гэхэд нь СНЗ-ын дэргэдэх Шашны хэрэг эрхлэх газар хориг саад тавьж уг ажлыг зогсоосон төдийгүй дурдсан бүтээлийн эхийг ч устгажээ. Идсэн эрүү хувхайрч идүүлсэн бут ургадгийн үлгэрээр хорхойд хоргүй ачит лам хуврагуудын маань гавьяат үйлс даравч дардайж булавч бултайсаар энэ сайхан цаг үед хүрч иржээ. Ийм учраас Хасын Ловон лам мэтийн алдартай хүмүүсийн намтар түүхийг улам гүнзгийрүүлэн судалж түүний яндаж баршгүй өв сангаас суралцах үйл маш их буй гэдгийг хойч үе маань бүү мартаасай! Миний бичсэн энэ зүйлс бол зөвхөн эхлэл төдий юм шүү.

Friday, January 05, 2007

Тэнэмэл дуучин


“Эрх чөлөө” сонины 2002 оны дугаарт Дуламын Пүрэвдоржийн бичснээс хэсэглэн оруулав.
Дууныхаа ихэнхийг өөрөө зохион дуулдаг, бэлэн цэцэн үг яриатай, хөгжил хөдөлгөөнтэй, элдэв эрээн муу зан аашгүй, эвий ахай болсон түүнд албаны том даргаас эхлээд адгийн ядуу нь ч элэгсэг хандан ая дууг нь бишрэн сонсохын далимд аяга халуун цай, амтат идээ хоолоо өргөн барьдаг байлаа. Эх орны дайны жилүүдэд Зөвлөлтийн улаан армид агт морьдоороо тусалж байсан тэр үеэр агт авах ажлаар дархадын хотгор руу анх удаа машин гэдэг моторт хөлөг мөрөө гарган орж ирсэн билээ. Тэр үеэр Чанцалдулам сумын төвд байж тааралдснаар түүний нэгэн дуу төрсөн түүхтэй. Түүнийг , Мотортой ногоон машин нь Морь л болох нь яалаа хоё Москвагаас ирсэн ахынхаа Хэлий нь мэддэг ч болоосой Сэнстэй ногоон машин нь Морь л болох нь яалаа хоё Сэсээрээс ирсэн ахынхаа Хэлий нь мэддэг ч болоосой гэж дуулахад орчуулагч нь орос нөхдөд орчуулж өгч тэд их л талархаж байсан гэдэг. Хэдийгээр ядуу татуухан тэнэмэл нэгэн байсан ч хүний жамаар залуу насны хайр дурлалаас тойрч явсангүй. Хүнд хайртай болж, түүндээ зориулан дуу ч зохион дуулж явжээ. Хээтэй цоохор домбыг нь Сөгнөн суухын аврал Хэттэй бэлтэй ташааг нь Түшин суухын аврал Хорол тоонотой өргөөндөө Хоёулаа суухын аврал Хотгор цоохор сарлагийг нь Хотолж л явахын аврал гэж нэгэн үе дуулж байсан бол Домбоны чинээ Донхжий ньДотроос гарахаа болилоо Угжны чинээ Донхжий нь Ухаанаас гарахаа болилоо хэмээсэн нь Донхжий гэдэг хүнд хайртай болж, сэтгэлийн шаналал эдлэн түүнээ хүсэж мөрөөдөж явсныг гэрчлэнэ. Чухам түүний хайр дурлал бүтсэн эсэхийг бүү мэд, юутай ч хоёр хүүхдийн зулай үнэрлэж, эх болсон нь үнэн. Даанч орон гэргүй ядуу тэнэмэл амьдралтай байснаас хүүхдээ өөрөө өсгөж бойжуулах боломжгүйн эрхээр амьтан ах дүүст үрчлүүлсэн нь одоо ч энэ хотгорт аж төрцгөөж явна. Гэвч тэд эрдэнэт биеийг нь төрүүлж, хорвоогийн нарыг харуулсан ачит сайхан эхийгээ насны нь эцэст асарч харах сэтгэлгүй, хүйтэн цэвдэг хандаж асрамжийн газар “цөлж” үхүүлсэн юм. Чанцалдулам гуай дархадын ая дууны урын санд олон сайхан дуу үлдээсэн билээ. Ханан хад нь хагарвалХавсраад нааж л болдоггүйХайран бие минь эндвэл Эргээд төрж л болдоггүйЭлгэн хад нь эвдэрвэл Эвлүүлж нааж л болдоггүйЭнэ л бие минь эндвэл Эргээд төрж л болдоггүй гэх буюу өөрийн тэнэмэл амьдрал хайр сэтгэлээсээ сэдэвлэн,Дэгрэн саарлын дэлээрДээс л томож чадах уу ч Дэмий л ингэж явахаарДэргэд минь суудаг ч болоосойАлд саарлын дэлээрАргамж томож л чадах уу ч Амьдралгүй ингэж явахаарАваад суудаг ч болоосой гэх юм уу,Дөрвөлжин тамгатай хүрний ньДөрвөн туурай нь эргээ юуДөрөв л хоногийн замд нь Миний толгой эргээ юу… гэх мэтийн олон сайхан дуу зохион дуулж, дархад дууны шавхагдашгүй урын санд хувиа оруулж явсан нэр нь тодроогүй жирийн нэгэн авьяас билэгтэн байсан юм. Мончоорог гуайг 1970-аад оны эхээр Бүрэнхааны асрамжийн газарт албадан явуулжээ. Эрх дураараа, зон олны дунд дуулж явсан түүнийг хүчээр авч явах болсонд тэрээр “Нутаг ус, зон олноосоо явахгүй, энэ л газар шороондоо ясаа тавина” гэж уй дуу болж, учирлан гуйсан боловч түүнийг түргэн далд оруулах гэсэн нам, сумын дарга нар аашилж загнаж байгаад явуулсан гэдэг. Хөөрхий тэр асрамжийн газар очоод бэлэн хоол унд хувцас хэрэглэлээр дутаагүй ч төрж өссөн нутаг, нутгийн зон олон сэтгэлээс нь нэгээхэн өдөр ч гарахгүй гуниг уйтгарын зовлонд автан шаналахдаа хоёр, гурван удаа нутгийн зүг оргон босож, Хар сайрын бирваазан дээрээс буцаан хүргэгдэж байжээ. Нэгэн удаа нутгийн жолооч асрамжийн газар хүн хүргэж ирсэн байхад нь тааралдаад бөөн баяр хөөр болж жолоочийн гарын бугуйг үнсэж, машины дугуйнд наалдсан шороог “миний нутгийн шороо” гэж илбэн үнсэж “Намайг аваад буц, хүү минь. Би гачигдах юмгүй дураараа байгаа ч шоронгийн торонд орсонтой адилхан сэтгэлээр зовж байна. Хүү минь намайг аваад яв. Өлийн халзан даваа, өргөн алаг Шишгэд, өрх үүдийг нь татдаг олон түмэнтэйгээ уулзвал л миний жаргал тэр” хэмээн жолоочийг хоргоон гуйж, уй дуу болон их л зовоосон гэдэг. Асрамжийн газар яахин буцаах билээ дээ. Амьдралын нь сүүлчийн мөч тэнд төгссөн билээ. Миний бие Цагаан-Уул суманд ажлаар очоод буцах замдаа асрамжийн газраар орсонд Чанцалдулам гуайтай тааралдан түүний сэтгэлийн гунигийг сонсож бага ч гэсэн тайтгаруулах гэж хэсэг саатахдаа нэгэн чөлөөнд нь энд ирээд зохиосон дуу хуураасаа дуулж өгөхийг хүсэхэд тэрээр тун дурамжхан байдлаар “Би чамайг одоо л танилаа. Тэр жил нутагтаа байхад минь очиж уулзсан хүү мөн байна. Дархад дууны ном гаргана гээд надаар арав гаруй дуу хэлүүлж авч байсан шүү дээ. Мөн байна” гээд “Эгч нь энд ирснээс хойш ухаан санаанд юм орохоо байсан. Дур сонирхол ч алга болсон. Нутаг усаа л их санаж байна” гээд нулимс унаган дараах хоёр дууг дуулж өгсөн юм даа.Уулын өндөр Туж минь Униар татаж л байгаа дааУсны тунгалаг Шишгэд минь Туналзаж л байгаа дааХойт тайга л нутаг миньХөхрөн униартаж л байгаа даа Хонгор олон зон миньХөөмийлөн дуулж л суугаа даа гэсэн дуунаас гадна Арын гурван сумандаа Очих л өдөр байгаасайАлаг Шишгэд нутагтаа Буцахын заяа байгаасайХойт л гурван сумандаа Очих л өдөр байгаасайХонгор зоныхоо дундХүрэхийн заяа байгаасай гэж дуулан хоёр нүднээс нь бөөн бөөн нулимс унаж төрсөн газар хүн зоноо бэтгэртлээ санан мөрөөдөж байсан хөөрхий тэр эмгэнийг дурсан бодохдоо дархад нутгийн тэнэмэл дуучны тухай энэ дурсамжийг үлдээхийн хүсэлд автсан билээ.