Friday, January 05, 2007

Тэнэмэл дуучин


“Эрх чөлөө” сонины 2002 оны дугаарт Дуламын Пүрэвдоржийн бичснээс хэсэглэн оруулав.
Дууныхаа ихэнхийг өөрөө зохион дуулдаг, бэлэн цэцэн үг яриатай, хөгжил хөдөлгөөнтэй, элдэв эрээн муу зан аашгүй, эвий ахай болсон түүнд албаны том даргаас эхлээд адгийн ядуу нь ч элэгсэг хандан ая дууг нь бишрэн сонсохын далимд аяга халуун цай, амтат идээ хоолоо өргөн барьдаг байлаа. Эх орны дайны жилүүдэд Зөвлөлтийн улаан армид агт морьдоороо тусалж байсан тэр үеэр агт авах ажлаар дархадын хотгор руу анх удаа машин гэдэг моторт хөлөг мөрөө гарган орж ирсэн билээ. Тэр үеэр Чанцалдулам сумын төвд байж тааралдснаар түүний нэгэн дуу төрсөн түүхтэй. Түүнийг , Мотортой ногоон машин нь Морь л болох нь яалаа хоё Москвагаас ирсэн ахынхаа Хэлий нь мэддэг ч болоосой Сэнстэй ногоон машин нь Морь л болох нь яалаа хоё Сэсээрээс ирсэн ахынхаа Хэлий нь мэддэг ч болоосой гэж дуулахад орчуулагч нь орос нөхдөд орчуулж өгч тэд их л талархаж байсан гэдэг. Хэдийгээр ядуу татуухан тэнэмэл нэгэн байсан ч хүний жамаар залуу насны хайр дурлалаас тойрч явсангүй. Хүнд хайртай болж, түүндээ зориулан дуу ч зохион дуулж явжээ. Хээтэй цоохор домбыг нь Сөгнөн суухын аврал Хэттэй бэлтэй ташааг нь Түшин суухын аврал Хорол тоонотой өргөөндөө Хоёулаа суухын аврал Хотгор цоохор сарлагийг нь Хотолж л явахын аврал гэж нэгэн үе дуулж байсан бол Домбоны чинээ Донхжий ньДотроос гарахаа болилоо Угжны чинээ Донхжий нь Ухаанаас гарахаа болилоо хэмээсэн нь Донхжий гэдэг хүнд хайртай болж, сэтгэлийн шаналал эдлэн түүнээ хүсэж мөрөөдөж явсныг гэрчлэнэ. Чухам түүний хайр дурлал бүтсэн эсэхийг бүү мэд, юутай ч хоёр хүүхдийн зулай үнэрлэж, эх болсон нь үнэн. Даанч орон гэргүй ядуу тэнэмэл амьдралтай байснаас хүүхдээ өөрөө өсгөж бойжуулах боломжгүйн эрхээр амьтан ах дүүст үрчлүүлсэн нь одоо ч энэ хотгорт аж төрцгөөж явна. Гэвч тэд эрдэнэт биеийг нь төрүүлж, хорвоогийн нарыг харуулсан ачит сайхан эхийгээ насны нь эцэст асарч харах сэтгэлгүй, хүйтэн цэвдэг хандаж асрамжийн газар “цөлж” үхүүлсэн юм. Чанцалдулам гуай дархадын ая дууны урын санд олон сайхан дуу үлдээсэн билээ. Ханан хад нь хагарвалХавсраад нааж л болдоггүйХайран бие минь эндвэл Эргээд төрж л болдоггүйЭлгэн хад нь эвдэрвэл Эвлүүлж нааж л болдоггүйЭнэ л бие минь эндвэл Эргээд төрж л болдоггүй гэх буюу өөрийн тэнэмэл амьдрал хайр сэтгэлээсээ сэдэвлэн,Дэгрэн саарлын дэлээрДээс л томож чадах уу ч Дэмий л ингэж явахаарДэргэд минь суудаг ч болоосойАлд саарлын дэлээрАргамж томож л чадах уу ч Амьдралгүй ингэж явахаарАваад суудаг ч болоосой гэх юм уу,Дөрвөлжин тамгатай хүрний ньДөрвөн туурай нь эргээ юуДөрөв л хоногийн замд нь Миний толгой эргээ юу… гэх мэтийн олон сайхан дуу зохион дуулж, дархад дууны шавхагдашгүй урын санд хувиа оруулж явсан нэр нь тодроогүй жирийн нэгэн авьяас билэгтэн байсан юм. Мончоорог гуайг 1970-аад оны эхээр Бүрэнхааны асрамжийн газарт албадан явуулжээ. Эрх дураараа, зон олны дунд дуулж явсан түүнийг хүчээр авч явах болсонд тэрээр “Нутаг ус, зон олноосоо явахгүй, энэ л газар шороондоо ясаа тавина” гэж уй дуу болж, учирлан гуйсан боловч түүнийг түргэн далд оруулах гэсэн нам, сумын дарга нар аашилж загнаж байгаад явуулсан гэдэг. Хөөрхий тэр асрамжийн газар очоод бэлэн хоол унд хувцас хэрэглэлээр дутаагүй ч төрж өссөн нутаг, нутгийн зон олон сэтгэлээс нь нэгээхэн өдөр ч гарахгүй гуниг уйтгарын зовлонд автан шаналахдаа хоёр, гурван удаа нутгийн зүг оргон босож, Хар сайрын бирваазан дээрээс буцаан хүргэгдэж байжээ. Нэгэн удаа нутгийн жолооч асрамжийн газар хүн хүргэж ирсэн байхад нь тааралдаад бөөн баяр хөөр болж жолоочийн гарын бугуйг үнсэж, машины дугуйнд наалдсан шороог “миний нутгийн шороо” гэж илбэн үнсэж “Намайг аваад буц, хүү минь. Би гачигдах юмгүй дураараа байгаа ч шоронгийн торонд орсонтой адилхан сэтгэлээр зовж байна. Хүү минь намайг аваад яв. Өлийн халзан даваа, өргөн алаг Шишгэд, өрх үүдийг нь татдаг олон түмэнтэйгээ уулзвал л миний жаргал тэр” хэмээн жолоочийг хоргоон гуйж, уй дуу болон их л зовоосон гэдэг. Асрамжийн газар яахин буцаах билээ дээ. Амьдралын нь сүүлчийн мөч тэнд төгссөн билээ. Миний бие Цагаан-Уул суманд ажлаар очоод буцах замдаа асрамжийн газраар орсонд Чанцалдулам гуайтай тааралдан түүний сэтгэлийн гунигийг сонсож бага ч гэсэн тайтгаруулах гэж хэсэг саатахдаа нэгэн чөлөөнд нь энд ирээд зохиосон дуу хуураасаа дуулж өгөхийг хүсэхэд тэрээр тун дурамжхан байдлаар “Би чамайг одоо л танилаа. Тэр жил нутагтаа байхад минь очиж уулзсан хүү мөн байна. Дархад дууны ном гаргана гээд надаар арав гаруй дуу хэлүүлж авч байсан шүү дээ. Мөн байна” гээд “Эгч нь энд ирснээс хойш ухаан санаанд юм орохоо байсан. Дур сонирхол ч алга болсон. Нутаг усаа л их санаж байна” гээд нулимс унаган дараах хоёр дууг дуулж өгсөн юм даа.Уулын өндөр Туж минь Униар татаж л байгаа дааУсны тунгалаг Шишгэд минь Туналзаж л байгаа дааХойт тайга л нутаг миньХөхрөн униартаж л байгаа даа Хонгор олон зон миньХөөмийлөн дуулж л суугаа даа гэсэн дуунаас гадна Арын гурван сумандаа Очих л өдөр байгаасайАлаг Шишгэд нутагтаа Буцахын заяа байгаасайХойт л гурван сумандаа Очих л өдөр байгаасайХонгор зоныхоо дундХүрэхийн заяа байгаасай гэж дуулан хоёр нүднээс нь бөөн бөөн нулимс унаж төрсөн газар хүн зоноо бэтгэртлээ санан мөрөөдөж байсан хөөрхий тэр эмгэнийг дурсан бодохдоо дархад нутгийн тэнэмэл дуучны тухай энэ дурсамжийг үлдээхийн хүсэлд автсан билээ.

No comments: