Friday, April 10, 2009

Хөвсгөлийг хөгжүүлэх есөн санаа



УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Л.Гүндалай, Ц.Сэдванчиг, Ц.Даваасүрэн нарт хандсан ил захидал

Эрхэм төрийн түшээд та бүгдийг амрыг эрье. ҮЭ-ийн ахмад ажилтан, сэтгүүлч, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Сүрэнжавын нэрэмжит уралдаанд ирсэн бүтээлүүдээс та бүхэндээ санаа авахуулах зорилгоор сонордуулж байна.

Нэг. Малчдын ноолуурын үнэнд шунасан их хүсэл мөрөөдлийн нөгөө талд бэлчээрийн даац хэтэрч экологийн сүйрэл ойртож байна. Ургамлын үр жимс, цэцэг навч зэрэг ганган чамин идэш тэжээлтэй ямаан сүргийн хөлд байгалиа сүйтгэх үү, тоон хязгаарлалт хийж нэг малаас авах ашиг шим нэмэгдүүлж, доройтон дордож буй бэлчээртээ тохирсон мал аж ахйн шинэ менежмент хэрэгжүүлэх үү гэдэг дээр тулж ирлээ.
Дан ямаа бэлчээсэн талбайн 4.6 хувь доройтож ямаа хөрсийг 38 удаа цавчдаг бол хонь 21 буюу нийт талбайн 2 хувь цавчиж сүйтгэдэг. Ямаа таван амтай гэх энэ бөлгөө. Ямаа хөрснөөс гадна өвс ургамал илүү сүйтгэдэг. Ямаа дангаар бэлчээхэд 198 ургамлын найлзуур идэж гэмтээдэг бол хонь 64 ургамлаар хооллодог. Ямаа хөнгөн жинтэй хэрнээ хөрсөнд их даралт аюул учруулдаг. 450 кг амьдын жинтэй тэмээ хөрсний нэг ам см талбайд 0,44 гр жингээр дардаг бол 35 кг жинтэй ямаа дээрхи талбайд гурав дахин их жингээр дардаг. Ямаа ургамлын үр жимсээр хооллодогоос тэр ургамал эргэн сэргэдэггүй. Ямаа хэт олширсноос экологи сүйрдэг учир таргидия /эмгэнэл/ гэх латин үг ямаа гэдэг үгнээс гаралтай.
Манай аймгийн 231 мянгат малчны 78,8 хувь 308-1438 ямаатай байгаа. Сүргийн бүтцэд ямааны эзлэх хэмжээг анхаарахгүй бол хоньгүй болж баяжихын түрүүн ямаа, барагдахын сүүл ямаа, ноолуургүй ямаа гүйгээч, номгүй лам хэнгэрэгч гэгч болж байгаа хэрэг биш биз
Ямаа ингэж өсч байхад хамгийн ашиг шимтэй, бэлчээрт хор нөлөө багатай үхэр сүргийн хувийн жин улсын хэмжээнд 8,6 хувиар буурч мал сүргийн 6 хувь /2,43 сая/ аймагт 9,4 хувь /318,4 мянга/ эзэлж байна. Малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулах шаардлагатай.
Хоёр. Байгалиа хамгаалахгүйгээр ямар нэг хөгжлийн тухай ярилтгүй. Хөгжлийн үндэс бол байгаль дэлхий мөн. Өндөр өндөр барилга, үнэтэй сууцууд бол хүмүүсийн амьдралын хэв маяг.
Гурав. Үндэсний хэв шинжийг хадгалах нь хөгжлийн бас нэг давуу тал гэдгийг хэлье. Жуулчид иймэрхүү давуу талыг л анзаардаг. Ямар нэгэн хэлбэр загвар энд үгүй байх нь чухал. Бүх юм тодорхой гэхдээ өвөрмөц чанартай. Үүгээрээ би оюун санааны хөгжил буюу хуримтлагдсан баялаг нь аливаа зүйлийн мөн чанарт нэвтрэхэд гол үүрэгтэй гэдгийг л хэлэх гэсэн юм. Бид хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Ингэхийн тулд орчин үетэй хөл нийлүүлэх нь гарцаагүй. Миний хэлэх гэж байгаа гол санаа бол хүмүүс өөрсдийнхөө дотоод оюун санааг олж, түүнийхээ дархлааг бий болгох явдал юм. Ийм дархлаа бий болсон цагт байгаль орчин, газар шороо, өв соёл цөм түүн дотор багтах буюу.
Дөрөв. Гажуудсан ардчиллын гайгаар гаднаа гяланцаг, дотроо паланцаг улс төрийн хий үзэгдэл, уураг тархийг нь гашилгаж гарын нь гавлаж, хөлийг нь дөнгөлж, Хөвсгөл нутгийн минь хөгжлийг сааруулсаар байх шигээ. Хөвсгөлчүүд бидэнд хүчээ нэгтгэхээс гадна оюун санааны нэгдэл одоо цагт бүхнээс чухал болжээ. Оюун санаагаа нэгтгэж, нам, насаараа талцдаг хэт улс төржилтөөс бид салж чадвал хөвсгөл нутагт маань хөгжлийн саруул ирээдүй бий.
Тав. Хөвсгөл бол худалдааны чөлөөт бүс байгуулах боломжтой аймаг. Ардын хувьсгалаас өмнө “Зулын өргөл” нэртэйгээр Ханх Мондын хил дээр хоёр талаасаа цугларч мал мах, арьс үс, гурил будаа, чихэр жимс, архи дарс, хувцас хунар зэрэг бараа таваартайгаа хүрэлцэн ирж бартерийн худалдаа /барааг бараагаар солилцох/ явуулж дуулж хуурдан наадаж цэнгэдэг байжээ. Энэ уламжлалыг яагаад сэргэээж болохгүй байна. Мөсний баяр хүрээгээ эв модны наадмаар үргэлжлүүлмээр байна.
Зургаа. Тахиа ямаанаас хэд дахин илүү ашигтай. Өндөглөгч тахиа арчилгаа маллагаа сайн, тэжээл нь хангалттай, байр нь дулаан, гэрэлтүүлэг сайтай нөхцөлд 7 орчим сарын хугацаанд өдөрт нийт өндөглөгчийн 60,0-70,0 хувь нь, сэрүүний улиралд 10-20 хувь нь өндөглөдөг. Арчилгаа маллагаа нь тохиромжтой бол өндөглөгч үйлдэрийн тахиа жилдээ 150-180 түүнээс ч илүү өндөг өгнө.
Долоо. Тус аймаг гэдэг бүсийн хөгжиж өгөхгүй гарц хайхад хүрээд буйн шалтгаан нь тус аймаг хөрөнгө мөнгө, хүн хүч, үйлдвэр уурхайгүйдээ биш. Эзэгнэн суугаа эзэн бидний үхширмэл сэтгэлгээнд л байгаа юм. Адам Смитийн сэтгэлгээгээр хүмүүжээгүй манай эринийхэн амин хувийнхаа ашгийг нэгдүгээрт тавьж буй нь буруу биш. Ганцхан энэ эрх ашгаа хэрэгжүүлэхдээ өрөөл бусдын эрх ашгийг хохироохгүйн төлөө байгаасай гэж хүснэм. Ажлын байртай болгох төрийн хоосон амлалтад найдаж цөхрөхөөс илүү өөрсдөө санаачлах цаг хэдий нь тулжээ.
Найм. Алдарт дархадын хотгор, Дэлгэрмөрөний эх Алтай Соёоны эко бүс нутагт хайгуул олборлолтын хар мөрийг хэдэн үедээ бүү гаргуулагтун. Би бээр технологийн хөгжлийг дэмждэг ч Бүрэнхааны фосфоритын ордыг Хөвсгөл далайд хор хөнөөлгүй ашиглах итгэл нэг л төрөхгүй байгаа. Байгалиа байх ёстой унаган төрхөөр нь байлгаж, хулгайн анчин, сувдаг модчин, ус бузарлагч, хөрс урвуулагчтай бүх нийтээр тэмцэж ховордсоныг хамгаалан, хомсодсныг арвижуулах нэгдмэл сэтгэлтэй болцгооё.
Ес. Цагааннуурын загас, хөвчийн нэрс жимс гээд бөөн баялаг. Баялаг дагасан ажлын байр. Зоригтойхон хөрөнгө оруулалт хийгээд технологийг шийдчихвэл дэлхийн жишигт хүрсэн хүнсний олон нэр төрлийн бүтээгдэхүүн эндээс урсах үүд энд байна.

МЗЭ-ийн шагналт яруу найрагч, Хөвсгөл нутгийн болон монголын уншигчдад “Хөвсгөл” найраглалаараа алдаршсан Далантайн Сүрэнжавын нэрэмжит “Хөвсгөл нутгаа хөгжүүлэх шинэ санаа” уралдаанд сэтгүүлчдийн дэвшүүлсэн дээрх есөн санааг ажил хэрэг болгоход чиглэсэн АСУУДАЛ дэвшүүлсэн өгүүллийг Дархад зоны түүхийн товчоон МААНАР сонин,
www.maanar.blogspot.com сайт 2009 оны турш хүлээн авч нийтлэн шилдэг бүтээлд 50-100 мянган төгрөгийн шагнал олгоно. Харилцах утас 99119995, 91161270